Tuesday, December 29, 2009

“Редакторлаагүй шүлэг”-ийг редакторлан уншваас

Гоё хоосон үгнээс уншигчид залхаж байна. Радио, телевиз, хэвлэл сонин тэр байтугай бүхэл бүтэн ном хүртэл гоё мөртөө хоосон үгээр бүтдэг болжээ. Товчдоо үг үнэгүйдэж байна. 2000 оноос уран зохиолд сэргэлтийн шинж тэмдэг мэдрэгдсэн. Гэтэл нийгмийг бүхэлд нь гоё хоосон үг, амлалт залхааж эхэлснээр уран зохиолын үнэ цэнэд ч муугаар нөлөөлөн түүнийг бүтээгчид нь нийгмийг хамарсан энэ алмайралд бас автагдав. Шүлгийн ном олон гарч байгаа ч харамсалтай нь шүлэггүй "шүлгийн ном" гарч байгаа л хамаг гай байна. Ингэхэд шүлэг гэж ер нь юу вэ, хүнд ямар хэрэгтэй вэ? Шлок гэдэг санскрит үг Дандины "Зохист аялгууны толь"-иор дамжин Монголд орж ирсэн юм. Гашуудал, гуниг гэсэн утгатай энэ үг өнөөдөр ерөөсөө толгой холбосон хоёроос дээш мөрийг илэрхийлэх утгатай болжээ. Уг нь шүлэг гэдэг уншаад дуусахад хүнд гуниг, бодол, баяр баясгалангийн аль нэгийг сэтгэлд үлдээдэг тийм л шидтэй мэдрэмж, ухаарлыг өгдөг хамгийн ерөнхий шинжтэй. Цаашлаад эргэцүүлэл, дүгнэлт бүр амьдралаа өөрчлөхөд ч хүргэх ноцтой зүйл юм. Тийм ч учраас жинхэнэ яруу найргийн мөр бадаг зууныг дамжин хүмүүсийн цээжинд хоногшсоор өнөөдрийг хүрчээ.



Шүлгийн сайн ном өдрийн од шиг ховор байна. Сүүлийн нэг, хоёр жилд шүлгийн сайн ном уншсангүй. Налайхын залуу яруу найрагч Банзайн Хүрэлтогоогийн 60-аад шүлгээр бүтсэн "Редакторлаагүй шүлэг" түүврийг саявтар уншив. Богино мөртөө энгийн үгээр бичигдсэн энэ жижиг ном охь бүтээл болжээ. Эл ном крилл монгол үсгээр, Өвөрмонголын нэрт яруу найрагч Л.Одсэр өмнөх үгийг нь бичсэнээр Хөх хотод мөн хэвлэгджээ. Энэ түүврийг уншсаны эцэст өөрийн бодлыг уншигч олонтойгоо хуваалцахгүй байж тэвчсэнгүй. Юуны өмнө энэ номонд гоё хоосон үгтэй шүлэг алга. Тааруухан гэж санагдах шүлэг гарын таван хуруунд багтахаар байгаа ч сэтгэлийн урам, бодол ухаарал өгөх шүлгүүд дийлэнх болсныг тэмдэглэх ёстой. Б.Хүрэлтогоогийн яруу найраг өдөр тутмын аар саар явдал, зугаа цэнгэл, гомдол шүүмжлэлээс дээгүүр хүний оюун сэтгэхүйн бодол ухаарал, дотоод далд мөртөө тод дуунаас бүтсэн байна. Ер нь өнөөгийн дэлхийн яруу найргийн дүрслэгдэхүүн ертөнцийн харагдах, сонсогдох, үнэртэх дуу авиа, өнгө үзэмжээс зугтааж дотоод мэдрэмжээр бүтэх нь түгээмэл шинжтэй болжээ. Энэ хандлага Б.Хүрэлтогоо¬гийн яруу найргийн үндсэн шинж болжээ. Түүний шүл¬гийн сэдэв санаа нь товчдоо нүгэл, буян, хувь тавилан, амьдралын жам ёс, энэ бүхний тухай яруу найрагчийн далд мэдрэмж байх ажээ. Ер нь түүний шүлэг далд дуун алдалт маягтай юм. Өнөө цагг манай яруу найрагт элбэг болсон нүгэлтнийг гэсгээх, буянтныг шагнах аяс бараг алга.
"Цагаан зааны нутаг
Үзүүр тойроод байдаг
Цагаан зааны ну таг
Үзэгдэхгүй чанадад байдаг
Цагаан зааны нутагт
Цаг нь болохоор очно
Цагаан зааны нутагт
Цагт баригдахгүй амьдарна" (Цагаан зааны нутаг) гэсэн ийм л илүү дутуу юмгүй, уран тансаг далд мэдрэмжээр түүний ихэнх шүлгүүд баян байна. Түүвэрт ийнхүү жишээ татан тайлбарламаар олон шүлэг бий. Шүлэг бүр өөрийн өнгө, аяс дотоод хэмнэл, утга санаатай юм.
"Хэнийг ч үзэн ядаж
Хэнийг ч өршөөн нигүүлсэлгүй
Дотоод ертөнц рүүгээ өнгийсөн
Долоо хоногийн мягмар гариг" гэсэн дөрвөн мөртөд Б.Хүрэлтогоогийн шүлгийн ерөнхий өнгө төрх тод тусчээ. Иймэрхүү жишээ олныг татан тайлбарламаар байвч уншигч таны цагийг хэмнэж жинхэнэ яруу найргийг чив чимээгүй ереенд ганцаар сууж бух л сэтгэл зурхээрээ хүлээн авч унших нь юу юунаас илүүтэйгээр таатай байдгийг сануулах нь илүүц биз ээ.
Орчин үед яруу найраг элит (сонгомол), масс ч (олон нийтийн) хоёр туйл руугаа хүчтэй салан хөгжиж байгаа энэ зүй тогтол манай яруу найрагт ч илэрхий болж байна. Болор цом мэтийн наадам зугааны, магтаал эсвэл бухимдлын шүлгийн өнгө төрхөөс Б.Хүрэлтогоо¬гийн шүлгүүд ангид юм.
Б.Хүрэлтогоогийн шүл¬гүүд манай элит яруу найргийн санд нэгэн өвөрмөц өнгө төрхийг нээж байна.
"Хүмүүс нь
Адгуус шиг
Болохоор
Хайрын тухай
Би шүлэг
Бичдэггүй
Хүүхнүүд нь
Зөнгүй болохоор
Дурлалын тухай
Би шүлэг
Бичдэггүй" гэсэн энэ нэргүй шулэгт жинхэнэ яруу найргийн энгийн, товч, ойлгомжтой, уран санаатай байх зарчим мөн дүрээрээ бий. Ер нь яруу найраг урт, уйтгартай, хоосон, гоё магтаалаас ангид байж чадаж гэмээнэ төдий чинээ дотогшоогоо гүнзгийрч ухаалаг болдог. Өнөөдөр шүлэг юуны тухай байна, түүнийхээ талаар шинийг нээсэн байх нь сонгомол шүлгийн нэг гол шинж. Энэ байдал Б.Хүрэлтогоогийн урлах арга барилын нэг шинж чанар болжээ. Арваад жилийн дотор бичсэн түүний шүлгүүд хүний амьдралын өдөр тутмын хэвшмэл бүхнээс шийдвэртэй салсан, найрагчийн "дотоод дуун алдалт" болсон нь гол тэмдэглэх ололт.
"Хойд нутгийн хаврыг голж...",
"Омголон хул азарга...",
"Нүүдэлчин овгийнх нь цус...",
"Уйтгартай байхад...",
"Тэр өндөр байшингууд...",
"Хашаанд нь ...", гэх мэт богино мөртөө сэтгэлд бодол ухаарал авч ирсэн сайн шүлэг түүвэрт олон бий. Залуу шүлэгч эхний түүврээрээ хүний сэтгэлд ингэж хүрсэн бүтээл туурвина гэдэг ховор. Манай ардын яруу найргийн уран гоё урсган шулэглэдэг арга маяг Монголын олон нийтийн (масс) яруу найргийн өвөрмөц шинж билээ. Гэвч энэ онцлог сонгомол яруу найргийн (элит) дэлхий нийтийн хандлагаар нэлээд үгүйсгэгдэх болжээ. Уран гоё урсган хэлэхийн оронд оновчтой цөөн үгээр бодол санаанд хүргэх яруу найргийн энэ урлахуйн туурвил зүйн хэв маяг ихэд үнэд орж байна. Б.Хурэлтогоогийн
"Сайхан цагаан цас ороосой
Сансар хорвоогийн хил дамнасан
Сайхан цагаан цас ороосой
Үер буун хорвоог хулдаж
Улдэгсэд биесээ хайлах их цас ороосой" гэсэн таван мөр шүлэгт дээрх уран гоё оновчтой урсган шүлэглэх ур маяг алга. Харин ухаан санаанд буух гүн бодол тодхон байна. Өнөөгийн яруу найраг гүн сэтгэлгээний хэв маягийг тусгасан илүүц хээнцэрлэлээс ангид байх болжээ. Сүүлийн үед залуу шүлэгчдийн бичсэн гялс-хийсэн ухаантай цөөн мөр мэр сэр тааралдаж байгаад би баяртай байдаг.
Ер нь яруу найрагт шинэчлэл нэн чухал. Залуу шүлэгч Б.Хүрэлтогоогийн "Редакторлаагүй шүлэг" номноос зүй ёсоор шинэчлэл харагдаж байна. Өнөөдөр Монголд шударга бус явдал бүх давхаргад дэндүү гэмээр элбэг, ил тод болжээ. Энэ байдал яруу найр¬гийн тунгалаг мөрнийг бохирдуулах вий гэх эмзэглэл ч төрүүлэх болов. Уг нь яруу найраг гэдэг энэ мэтээс даанч хувь дээгүүр ариун зүйл билээ. Б.Хүрэлтогоо¬гийн энэ түүвэрт бухимдлын ул мөрийг тусгасан Түмээн" мэтийн ганц нэг шүлгээс гадна
"Талын шар наран тэнд
Дүүрэн мандаж
Таанын үнэрт салхинд нь
Амьдрагсад... урт насалдаг" (Өртөө) гэх мэтийн ийм уужим, тайвуун, ухаалаг олон арван шүлэг байгаа нь намайг тайвшруулж байна.
Монголын яруу найргийн тэнгэр цэлмэг, хөх, ариун байх жамтай сан.
Л. БИЛИГСАЙХАН
(ШУ-ны доктор профессор)

No comments:

Post a Comment