Tuesday, December 29, 2009

Монгол хүн бүхний зүрхэнд үйлдвэрлэгдэх учиртай ном

"Интерном" номын их дэлгүүртэй хамтран хөтөлдөг "Номын хит" булангийнхаа энэ удаагийн дугаараар "Монгол хүн бүхний зүрхэнд үйлдвэрлэгдэж, айл болгоны голомтод тахигдах учиртай" нэгэн номын хотөчтэй уншигч таныг уулзуулж байна. Өөрийгөө малчин боловсролтой хэмээн тодотгосон Банзайн Хүрэлтогоо "Редакторлаагүй шүлэг" хэмээх яруу найргийн түүврээ 2006 онд гаргаж байжээ. Тухайн үед яруу найргийн ном нь гуравхан ширхэг борлогдсон аж. Энэ талаараа "Тэр үед би Монголд гуравхан яруу найрагч байдаг юм байна гэж бодсон. Учир нь утга зохиол судлаач профессор Ч.Билигсайхан миний номыг Монголын яруу найрагт тэсрэлт хийсэн шүлгүүдтэй ном хэмээн шүүмжилж байсан" хэмээн дурссан юм. Ингээд "Чингис хааны алтан аялгуун нууц" номын талаар ярилцсанаа уншигч танд хүргэе.



- Юун түрүүнд номынхоо талаар танилцуулахгүй юу?
Энэ номыг Тулуй эзний зарлигаар Сорхагтанбэхи бөө хатан 1248 онд зад тавьж бичиж, өөрийн хүү Мөнхийг хаан ширээнд суухад өргөн барьсан гэдэг. Гэхдээ "Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх" гэдэг нэрээр бичсэн байх юм. Монголын нууц товчоотой харьцуулахад хэдэн зуу дахин их мэдээлэл энэ номонд бичигдсэн. Үүнд мянган жилийн явдлыг алган дээрээс харж байгаа юм шиг бичсэн байдаг. Улс орныг яаж аврах, яаж удирдах, нийгмийн хөгжлийн гацаанаас яаж гаргах зэрэг Монгол төдийгүй хүн төрөлхтөнг аврах агуу их гүн ухаан, зөн, практик, туршлага бүгд байж байгаа. Сорхагтанбэхи бөө хатан зад тавьж бичихдээ Монголчууд 500 жилийн хожим шарлана, дараа нь улаарна, тэгээд бясалгалын нялуун дайнд харлана, хар ертенц гэж ямар ертенц байх вэ гэдгийг шинж тэмдгээр хэлчихсэн байдаг. Тухайлбал,
Хүүхдүүд мухар ертөнцөд хорогдож, хонгилын гэрлийг хайна
Тэнгэрт нэг нар, газарт нэг хаан байх ёстой бол
Тэр цэвүүн цаг ирэхэд гурван хаан төрийн эрх барина
95 чуманы оронд 95 булхай элчээр зарагдаж булайг үржүүлнэ
Дааганы уралдаан, даахины үргээлгээр едрийн зугаа, шөнийн ажлаа болгоно зэргээр энэ нийгмийг тодорхойлоод биччихсэн байдаг. Өнөөдөр хүүхдүүд маань траншейнд амьдарч, Их Монгол улсын 95 түмтийн ноёны оронд УИХ-ын 76 гишүүн гарч, нийгмийг мөхөл руу жолоодож байгаа нь үнэн биз дээ. Мөн хүн бол мэддэгээ булаацалдаж, мэддэггүйгээ сүйтгэдэг таван мөчит амьтан гээд биччихсэн байдаг. Энэ ном маань түүхийн үнэт, гайхамшигтай бүтээл. Тэр бүхний талаар ярина гэвэл боломжгүй. Ганц хоёр зүйл дурьдахад, энэ номд улс орныг яаж засах, яаж мөхөөж, сүйрүүлэх вэ гэдэг 16 арга орсон байгаа. 13 дугаар зуунд Монголчууд зүгээр сэлэм жад бариад дэлхийн талыг эзэлж, түвшитгэсэн хэрэг биш. Өөрийн гэсэн онолтой, түүнийгээ ашиглаж тийм агуу гайхамшгийг бүтээсэн юм байна. Тэгвэл өнөөдөр яагаад ийм дорой буурай болчихсон юм. Үүний учир энэ номд бий. Тэр үеийн Монголчуудын хэрэглэж байсан арга ухаан, философийг өнөөдөр манай урд, хойд хөрш, дэлхийн хөгжилтэй орнууд төрийнхөө бодлого болгож, амжилтад хүрээд байна. Өөр нэг онцлог гэвэл дурын хүн барьж аваад уншиж чадахгүй. Хэний ширээн дээр, хэний цүнхэнд энэ ном бай¬на, тэр хүнийг үнэлж болно. Яагаад гэвэл захын шар мэдээ уншдаг хүн уншаад ойлгохгүй. Энэ номыг тогтоож уншиж, энэ номонд нэвтэрч чадсан хүмүүст итгэж болно. Энэ ном маань өөрөө хүнийг таньдаг тийм агуу юм. Энгийн хүмүүст ойлтуулах үүднээс хэлэхэд үнэхээр энэ ном юу юм бэ гэдгийг мэдье гээд тогтоод суувал ертөнцөөс хайж байгаа бүхий л зүйлийг мэдэж авч болно. Ингэнэ гэдэгт мөрий, тэр байтугай толгойгоо тавьсан ч чадна. Энэ номыг Хүрэлтогоогийн ярьсан шиг гайхалтай ном биш байнаа гэж хэлэх хоншоортой аавын хүүд юугаа ч өгөхөд бэлэн байна. Яагаад гэхээр энэ номны оюун санаа, өвгөдийн ухаанд би итгэж байгаа учир ингэж хэлж байна.
- Энэ ном хоёр дахь хэвлэл нь юм уу?
- Тиймээ. Энэ ном маань анх 2001 онд "Адмон" компаниас зарласан номын уралдаанд ороод ном биш гээд хасагдаж байсан юм. Гэтэл долоон жилийн дараа худалдаанд гарахад борлуулалтаараа тэргooлээд, хит болж байна. Сонин байгаа биз. Эндээс үзэхэд бид бүхэн, уншигчид маань хэрхэн гэгээрч байгаа нь харагдаж байна.
- 1248 онд бичигдсэн ном ямар замаар таны гар дээр ирчихэв ээ?
- Энэ их учиртай. Алтан ургийн Хөх нохой овгийнхон энэ номыг амаар 15 үе дамжуулаад цээжилж иржээ. Тэдний 15 дахь үеийн Журнайн Нүрзэд гэдэг хүн 14 дэх үеийн Гэнгээ гэдэг авга ахаасаа өвлөж аваад 27 жил ноцолдож орчин цагийн монгол хэлэнд буулгасан байгаа юм. Үүнийгээ төр, засагтаа өргөн барих гэж хүсч байсан ч амжилгүй 2003 онд бурхан болсон. 27 мянган үг, 10 мянган үгийн сан, 950 түлхүүр үгээс бүрдэж байгаа түүхийн үнэт дурсгал юм. Нүрзэд ахтай танилцаад дотносч байхад надад ийм агуу бүтээл байнаа гэж хэлж байсан. Тухайн үед эргэн тойрныхоо хүмүүст ярихад үүнийг нь ойлгодоггүй, галзуу өвчтэй гэж шоглодог байв. Тэгээд хоёулаа үзэж байгаад яруу найргаар хэлсэн зүйл гэдгийг мэдсэн. 1999 онд "Хөх Монголыг 4 нерут засгаар бадраах Их Засагийн алтан гэр иэ" гэдэг номыг бичиж, "Их засаг" их сургуулийн захирал Ням-Осор ивээн тэтгэж хэвлүүлж байсан юм. Энэ номын жинхэнэ эх нь буюу Нүрзэд ахын цээжилж ирснээр буулгасан нь "Хөх Монголыг нүүдлийн соёлоор бадраах Их засагийн алтан дээд гэр иэ" гэдэг ном юм. Дээрх хоёр номыг орчин цагийн хэлэнд оруулж бичсэн нь энэ ном доо.
Таны ярьж буйгаар энэ ном Монголын нууц товчооноос илүү ном гэнэ. Тэгвэл яагаад одоо судлаачдын гар дээр очоогүй юм болоо?
- Социализмын үед энэ номын талаар ярих ч хэрэггүй байсныг бүгд мэднэ. Харин социализмаас хойш энэ талаар байнга хэлж, ярьж явсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, одоогийн УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн зэрэг олон хүнд хэлсэн. Хүмүүс хүлээж авдаггүй байсан. Уул нь миний бодлоор энэ номыг Монгол хүн бүхэн уншиж, гараа өргөн уухайлах ёстой юм. Гэтэл яагаад энийг хүлээж авч чадахгүй байна гэхээр зөн мэдрэхүй, сэрэхүй, мэддэг зүйл нь байхгүй болж бусдын түүсэн будааны шүүсээр хооллогчид олширсноос тэр. Үүнээс л болж энэ номыг хүлээж авч чадахгүй байна гэж би ойлгосон. Энэ номоо Ерөнхийлөгч Н.Энхбаярт өргөн барьсан байгаа. Хэрвээ ухаантай зөвлөхүүд нь “балай ном авчраад Ерөнхийлөгчийн маань алтан цагийг дэмий үрэх гэлээ” гээд цааш нь тавьчихаагүй бол Ерөнхийлөгч энэ номыг уншсан байх гэж ах нь бодож байгаа шүү. Сүүлийн үед шүлэггүй шүлгийн ном гээд л олон ном гарч байна. Тэр бүхэнтэй харьцуулахын аргагүй гайхам¬шигтай бүтээл. Энд нэг зүйлийг хэлэхэд би чиний бичсэн "Би Монголын номер нэг эр хүн" гэсэн нийтлэлийг уншсан. Түүнтэй адил хэрвээ Монголын номер нэг номыг эрэн сурвалжилж тогтооё гэхэд энэ ном шалгарна гэдэгт бат итгэлтэй байгаа шүү.
- Алтан аялгуун нууц гэдгийг товчхон тайлбарлахгүй юу?
- Энэ их учиртай шүү. Алт гэхээр алтан аяга гэж ойлгож болохгүй. Алтан умай, алтан гартай, алт шиг хүн гэж Монголчууд ярьдаг. Тэр чанараараа алт хэмээсэн. Аялгуу гэдэг бол бүх эрчим хүчийг шингээсэн эрчим хүчний төв юм. Тиймээс Алтан аялгуу гэдэг бол өвөг дээдсийн зөн, мэдрэмж, гэгээрэл, гүн ухаан, эрчим хүчний энергийг шингээсэн гэсэн үг. Товчоор хэлбэл хүн төрөлхтөн ертөнцийн гэрлийн эрчим хүчинд зохицож амьдрах бүх ухааныг шингээсэн учраас Алтан аялгуу гэж нэрлэсэн. Бидний хэсэг нөхөд "Чингис хааны алтан аялгуу судлалын төв", "Тэнгэрлэг үндэстний академи" гэж байгуулж байгаа. Хэрвээ энэ номыг уншаад учрыг нь олоод, маргаад, бидэнтэй холбогдохыг хүсвэл дуртайяа хүлээж авах болно шүү гэж хэлмээр байна. Энэхүү гайхамшигтай бүтээлийг ганц би зохиочихсон юм биш, өвөг дээдсийн маань энэ бүтээл Мон¬гол хүн бүхний зүрхэнд үйлдвэр¬лэгдэж, айл болгоны голомтонд тахигдаж байх ёстой өвөг дээдсийн маань гүн ухаан юм шүү гэдгийг бүгдээрээ ойлгоорой.
Энэ далимд энэ номыг ивээн тэтгэн хэвлүүлж өгсөн УИХ-ын гишүүн С.Отгонбаярт талархсанаа илэрхийлье.
Танд баярлалаа.
С.БОЛД-ЭРДЭНЭ

No comments:

Post a Comment