Monday, December 28, 2009

Сайнууд нь чимээгүй юмаа хийгээд, самуурагчид наагуур нь хашгираад, гуяа алгадаад гүйгээд байна.

- Таны нөгөө “Чингис хааны Алтан аялгуу” чинь хаагуур шувуу шиг нисээд, базсан цаас мэт хийсч унаад яваад байна вэ?
- “Алтан аялгуу” маань монгол түмний оюун ухаан хийгээд цусанд нь оршиж буй агуу их бүтээл юм. Учир нь манай ургийн Нүрзэд гэдэг хүн 15 дахь үе дээрээ уламжилж өдгөө цаг дор авчраад бид бүхнээ тараан түгээх гэж байгаад амжиж төвдөлгүй бурхны орноо морилсон юм. Тиймээс өчүүхэн бичээч би тэр хүний гэрээслэлийг биелүүлж "Чингис хааны Алтан аялгууны нууц" гэдэг номыг гаргаад тавьсан. Эл бүтээлийг маань тал талаас нь олон олон хүмүүс угж адил навшин хөхөж, тэнхэрч тэнцэж яваад нь би ихэд баярлаж байгаа.



- Чухам юунд нь баясан хөөрөх болов?
- Зарим нь хоолоо олж идэх гэж, нөгөө хэсэг нь нэр төрөө ямх ямхаар нэмэх гээд давхилдаж байгаа ч гэсэн тэр судрын үг нь ард түмэнд үнэнээрээ хүрч байвал би баярласаар л байх болно.
- Баярлаад суухад ч юун буруу байх билээ. Сайн л хэрэг. Баясгалант сэтгэгдлээр яруу найраг тэрлэж суух нь бүр дээд зол завшаан.
- Ойрд яруу шүлэг тэрлэхээс илүү яруу найрагчдад их баярлаж байгаа. Сая М.Уянсүхийн шүлгийг олж харлаа. Үүнээс үүдэн хэд хоног "хөлчүү" явж байна. Сайхан юм сэтгэлд гийж үлдэх юм. Юу гэсэн байна гэхээр. "Нарны толгод даваад үнээд минь бэлчлээ, ээж ээ. Бэлчээрээс ирэхээр нь сарны хэвтрийг нь би бэлдэе. Од хэлхсэн зүүд эвэрт нь үнэгчлэхээс өмнө оройн саамандаа гаръя, ээж ээ..." гэсэн утгатай шүлэг л дээ. Гайхалтай мөр, бадагтай олон сайхан шүлэг тэр номд байна.
- Баруун Монголын их найрагч Уянсүхийг бичгийн хүн байж өнөөдөр л сонсож, мэдэрч байна гэж үү, худлаа байлгүй дээ.
- Сая мэдлээ. Яагаад гэхээр шар мэдээ, энэ олон яруу шүлэгч нарын дунд төөрчихөөд сайныг нь олж хараагүй явж. Сайнууд нь цаанаа чимээгүй юмаа хийгээд байдаг юм байна. Самууруулагчид наагуур нь хашгираад, гуяа алгадаад гүйгээд байдаг юм байна. Иймээс л би төөрчихсөн байсан байна.
- Ойд төөрсөн сармагчин төрлөөсөө хагацсан явдалд тань талархал хүргэе. Хэтрүүлсэн аваас болгооно уу. Наргиа гэж ойлгож болно.
- Яруу найраг гэдэг тэнгэрийн санаа юм. Тэр утгаараа миний бие яруу мөрний эрэлд хатаж, жижигхэн байшингийнхаа буланд шөнө дөлөөр жигтэйхэн удаан нэлээд жил суусан гэж ойлгож болно.
- Нээрээ сониноос, таны яруу найраг хойд, урд хөршид сүрхий нэр хүндтэй юм билээ. Том зохиолчид нь ч өөрийн чинь тухайд ер нь ам сайтай шүү.
- Би яах вэ. Т.Баянсан, М.Уянсүх эдэнд их баярлаж байна. Бас Г.Бадамсамбуу байна. Энэ хүн одоо бичиж байна уу, угуй юу. Ямар ч байсан Артур шиг залуугийн хэдэн жилдээ бичсэн шүлэг нь хэзээ ч арилшгүй ором үлдээжээ. Үргэлжилсэн үгээс тэр "Амуль"-ийг уншаад бас хэд хоног "согтуу" явлаа. Тэр Бадамжав гэдэг залуу чинь ямар авьяастай сайхан хүү вэ. Энэ хүүгийн бүтээлээс үүдэн миний бие утга зохиолын хүрээнийхний тухай "Амуль дүү минь" гэсэн томоохон шүүмж бичиж байгаа. Тэр хүү сэтгэлгээний гайхамшигтай зүйлийг санамсаргүй туурвисан байна. Бид нэгнээ олж харахгүй байна. Яахав зарим нь мэдэж л байгаа байх. Миний хувьд шүлгүүд маань Орос, Хятадад хэвлэгдээд гарчихаж. Энэ нь миний сайных биш, шүлэг найргийг мэдэрдэг хүмүүсийн сайных.
- Хүрлээ, ер нь яруу найраг гэж чиний хувьд юу юм. Хүмүүс л есен шидээр томъёолох юм.
- Цэвэр мэдрэмж. Өнөөдөр яруу найргийн төсөө үгүй хүмүүс шүлэг бичээд байгаа нь хамгийн аймшигтай. Төлөг, эсхүл байшингийн цонхны шил хулгайлсан хүнийг шийтгээд байгаа мөртлөө бусдын оюуныг угааж, бохирдуулж байгаа нэгнийг шийтгэхгүй байгаа нь гэмт хэргийг үнэхээр халиасан явдал юм. "Ертөнц үүссэнээс өмнө яруу найрагчид төржээ" гэдэгтээ би хувьдаа санал нэг байдаг.
- Хүн хар шүүмжлэх, бусдын өөг өмлөх гэдэг нүгэлгүй амар ажил. Их шилжилтийн үед өөрөө хаана байсан, хэн бэ?
- Өөрийгөө голоод, өрөөлийг уншаад л явж байлаа. Өрнөдөд хэсэг суусан ч цаг хугацаа алдаагүй. Тэгээд ч аливаа юмны оройд шат бүхнийг нь дамжиж байж гарахаас ганц үсрээд гарчихна гэвэл мулгуу ойлголт болно. Тиймээс өнгөрснийхөө сайн сургамж, ирээдүйн шинэ сэргэгт баярлаж явдаг. Гурван цаг гэдэг цогцоороо миний багш. Шүлэг бичдэг бүхэн багш минь байсан гэж бас зоригтой хэлж чадна. Бас "1001 шөнийн үлгэр" миний багш байсан. Эл номд
“...Дорой ядуухан цэцэрлэгийн гүнд нэгэн булш байна
Долоон ширхэг яргуй түүн дээр ургажээ
Энэ хэний булш вэ гэж би цэцэрлэгчээс нь асуулаа
Эрхэм сэтгэлт хүн нойрсож буй, аяар байгтун гэв” гэсэн мөрүүд бий. Надад яруу найраг гэж ийм л байдаг байх гэсэн бодол эрхгүй төрсөн шүү. Орон орны яруу найрагч бүхэн надад нөлөөлсөн учраас би тэдний үгийн сувдыг ёстой инжаан шиг ялгаж харах чадвартай болсон. Энэ бас том авьяас юм. Тэрнээс, энэнээс илүү бичихсэн гэж өөрийгөө хурцлах минь бүр нарийн авьяас.
- Өө хө, тэгээд хэрэгтэй хэрэггүй ном уншаад л хэвтэж байдаг юм байна л даа.
- Чи өөрөө шүлгийг хараад энергиэр нь таньдаг юм шиг надад санагдсан шүү. Би ч бас аливаа номын эхлэл, төгсгөлийг нь хараад, хуудсыг нь хэд хэд эргүүлэхэд эрчим хүчийг нь мэдэрнэ шүү. Уянсүхийн 2005 онд гаргасан түүвэр үнэхээр сайн. Сүүлийн шилмэл түүврийн хувьд хашир уншигчруугаа хэт хандаад сэрэл, мэдрэмжийн том том алдаа гаргасан байна лээ. Үүнд нь бас эмзэглэж байгаа.
- Сониноос, баруун зүгт суугч хуурай дүү /Хөөдөө Эрдэнэбаатар/-гээс тань чимээ байна уу?
- Агуу амьтантай өчигдөрхөн утсаар ярилаа. Эмнэлэгт хэвтэж байна. Бие нь дажгүй байгаа. “Баярлалаа ах минь. Сайхан байна” гэж байна лээ. Би хэлсэн юм. "Чиний тухай таагүй үгийг салхинаас сонсоод би жаахан орж гараад байнаа" гэсэн юм. Хариуд нь "Одоо та санаа зоволтгүй ах минь. Дүү нь засварт орчихсон, их сайхан байгаа. Худлаа гэвэл та Туяагаас одоо залгаад асуугаарай. Та ер нь миний тухай хаанаас сонсоод байнаа" гэхээр нь "Чамайг асрагчаас сонсоод байна" гэсэн. Энд нэг зүйл хэлэхэд асрагч гэснээс энэ үг монгол хэлэнд их эрхэм дээд оноосон нэр. Одооны залуус эмнэлэгт юмуу айлд ажилладаг асрагч гэсэн утгаар их буруу ойлгодог.
- Ингээд яриагаа жаргаая даа, хоёул. Мал мэнд үү гэснээ нөгөө өвс юу болсон бэ?
- Өвсөнд би их дуртай. Өвс олдохгүй болохоор дулаан цагт хадаад хадгалдаг болсон. Хашаан дотор бухлын үнэр түгэж байх их сайхан кайф. Хавар хамгийн түрүүн эрвээхэйнүүд манай хашаан дотор орж ирдэг юм. Тэрнээс цаашаа явахаар танай тал нутаг, ажаа ээж нар чинь ойрхон шүү дээ. Тийм болохоор зөрөг зам баларна гэж үгүй. Энэ жилийн хавар гайгүй шүү. Сая нэг сайхан цас орлоо. Чийг өгөх утгаар ёстой шар тос шиг цас. Мах иддэг хүмүүс үнэхээр баярлахаар тийм цас унасан даа.
- Ойрд номоо гаргах уу?
- Нэг шүлгийн түүвэр хийж байна. Өгүүллэгээс маань сая та нарын эмхтгэсэн "Мөнгөн үеийн хүүрнэл зохиол"-д гарлаа шүү дээ. Миний үгүүллэгийг их найрагч Т.Баянсан уншаад "Тэр номд дотор байгаа зайлшгүй унших аятайхан хэдэн үгүүллэгийн нэг нь таных байлаа шүү" гэж надад албан ёсоор утсаар мэдэгдсэн. Тийм дулаан үг сэтгэл хөөргөчих юм. Ертөнцөд бүлээн үгэнд урамшдаггүй, шагнуулахад баярладаггүй хүн гэж байдаггүй юм гэсэн. Яруу найргийн тухай их юм ярьж, хэлмээр байна. Сэтгэлийн тэр зүйлээ номдоо шүлгээр илэрхийлэх санаа төрсөн. Яруу найраг гэдэг эрчим хүч. Үг гэдэг амьд эс. Энэ цаг үед боловсролгүйгээр танин мэдэхэд хэцүү боллоо. Гэхдээ агуу их нь мэдээж авьяас. Жинхэнэ авьяасыг танихад боловсрол маш хэрэгтэй. "Алтан аялгуу"-нд боловсрол гэдгийг хүн, амьтан бүхэн хоолоо олж идэх ур дүй юм гэж тайлбарласан нь буй. Бэлтрэг амьтан барихдаа мэргэн байх аваас эл боловсрол нь цаашид улам хөгжиж тал хээрийг эзэмшинэ. Тэгэхлээр боловсрол гэдгийг танин мэдэхүй гэж ойлгож болно. Үүнээс агуу дээд хэлбэр нь гэгээрэл юм. Гэгээрэлгүй боловсрол гэдэг төвөг. Төвгүүдийг үржүүлээд байвал нийгмийн бугшмал хэцүү амьдрал бий болдог учиртай.
- Гэгээрнэ гэдэг алсын алсад хөх уулнаа даян хийнэ гэж бас ойлгож болох, эсхүл хорвоогоор элэн халин аялах... Ойлголт цаг үе бүхэн янз янзаар илэрдэг юм гэнэ лээ.
- Гэгээрнэ гэдэг заавал бясалгал хийнэ гэсэн ойлголт биш юм шүү. Яахлаараа Монголчууд аянч улсыг идээ цай барин тосч очдог байв. Одоогийн зах зээлийн ойлголтоор ёстой нэг шаталт гээч нь болно биз дээ. Яахаараа хөдөөний айл гэрээ цуургагүй, авдраа онгорхой орхидог юм. Гэтэл энэ нь эцсийн эцэст бидний яриад байгаа гэгээрлийн захын жишээ юм л даа. Чингис хааны хэлсэн үг бий. "Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаачих вэ" гэж. Яруу найраг ч мөн адил. "Чи хүний сэтгэлийг эзэмдэх аваас бие нь хаачих вэ". Сэтгэл эзэмдэхгүй өнгөнд гүйгээд байх аваас цонх хагарах лугаа адил болно. Баяраа, чиний нэг шүлэг байдаг даа. Тэр мөрүүдийг хэн чамд зааж өгсөн юм. "...Нутгийн маань хад сансрын салхийг зүсч суугаа даа" гэсэн мөруудийг чи ямар боловсролоор олж авав. Хэн ч чамд энэ үгийг хэлээгүй. Үүнийг бичихэд чамд ганцхан гэгээрэл л тусалсан. Тэгэхээр ойлголт их энгийн байгаа биз. Тэрээс биш гэгээрч байна гээд тусгай газар толгой дээгүүрээ юм нөмрөөд суугаад байвал ямар олиг байхав. "Тунгалаг Тамир" кинон дээр Эрдэнэ ойн захад морьтойгоо сажилж явахдаа сэлмээ хаяад, буугаа тээр хол шиддэг чинь үнэн чанартаа бясалгалын үйлдлийг илэрхийлсэн том дүр зураг л даа. Найруулагч нь харамсалтай нь үүнийг хийе гэж хийгээгүй санамсаргүй л хийчихсэн хэрэг.
- Цаг болж, нөхцөл бүрдлээ. Сайхан ярианы утга орших болтугай Хөдөлье. Танд бас туурвилын их олз омог талбия!

No comments:

Post a Comment